Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын хүмүүстэй уулзлаа. Тэрээр олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулсан ч томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртөх тоо огтхон ч буухгүй байгааг сануулсан юм.

Мөн цэцэрлэг 17:00 цагт тарж байхад төрийн албаны ажлын цаг 18:00 цаг хүртэл байгааг шүүмжиллээ. Учир нь Ерөнхийлөгчийн тамгын газарт  “хүүхдээ цэцэрлэгээс авахын тулд ажлаа нэг цаг тасалдаг эсвэл багшид нь илүү цагийн мөнгө өгдөг” гэх гомдол их ирдэг байна.

Харин албаныхан цэцэрлэгийн цагийг сунгахад цалин мөнгөний асуудал хэцүү байдаг гэх тайлбарыг өглөө.

Ерөнхийлөгч хүүхэд хамгаалалтай холбоотой зөрчилд үр дүн гарган, энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэг дээрээ хүүхэд хоолноос хордохгүй байх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны батлагдсан хэмжээ буюу 310 ккал нэмэгдүүлэхийг даалгалаа.

Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр 11 байгууллагад үүрэг өгсөн байна. Одоогоор эдгээр байгууллагын найм үүрэг гүйцэтгэсэн тайлангаа өгчээ.

Гэвч үүргийг биелүүлсэн гэж үзэхээр тайлан байсангүй гэдгийг Ерөнхийлөгч санууллаа.

Тэрээр “Байгууллагууд илрүүлсэн зөрчлөө л тайланд дурдсан байна. Үүний оронд зөрчил хэрхэн арилгасан тухай зэрэг бодит үр дүн хэрэгтэй. Тоо баримт нэгтгэх, шаардлага өгөх, торгох нь өнөөдрийн хүсч буй үр дүн биш” гэлээ.

Сануулбал, 2017 оны 11-р сард Ерөнхийлөгчийн санаачлагаар хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр хэлэлцүүлэг зохиож, гарсан санал, зөвлөмжийн хүрээнд ЦЕГ-ын бүтцэд өөрчлөлт оруулж Хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тасаг байгуулсан юм.

Өнгөрсөн онд л гэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 79 хүүхэд байна.