Нийслэлийн боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ.

Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 23 хүртэл явагдах юм. Өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны хүүхдийг бүртгэж, баталгаажуулж байгаа юм.

Одоогийн байдлаар цахимаар 59.891 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ жил төрийн болон хувийн 672 цэцэрлэгт нийт 114.252 хүүхэд хамрагдах урьдчилсан тооцоо байгаа юм.

Цахим элсэлт ирэх сарын 24-ний 09:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн тоо элсэх боломжтой тооноос хэтэрсэн тохиолдолд санамсаргүй сугалаагаар иргэдэд нээлттэй зохион байгуулах юм.

Түүнчлэн энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад орох байснаас тав нь бүрэн ашиглалтад орж, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд мөн нийслэлд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх юм байна.