Энэ жил 33 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд Даваа гарагийн байдлаар 20712 хүүхэд бүртггүүлээд байна.

Энэ жил цахим бүртгэлд шинээр 2017 оны 1-12 дугаар сарын хооронд төрсөн хоёр настнуудыг бүртгэх ба 3-5 настнуудыг хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст очин бүртгүүлж, зөвөлгөө авах мөн наймдугаар сарын 12-оос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй ба ирэх сарын 26-28-нд цэцэрлэг дээрээ очин гэрээ байгуулах юм.

Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй ба асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Улмаар цахим элсэлтийг наймдугаар сарын 23-нд нийслэлийн хэмжээнд зэрэг явуулах ба шинээр элсэх хүүхдийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхэд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Цахимаар бүртгүүлэх заавар:

  • www.tsetserleg.ulaanbaatar.mn/ систем руу орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаарыг оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Бүртгүүлсэн утсанд тань зургаан оронтой дугаар очих ба тус дугаарыг Бүртгэлийн дугаар хэсэгт бичиж, баталгаажуулах товчийг дарснаар Амжилттай баталгаажигдлаа гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.