Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ажлаа шуурхайлах үүрэг чиглэл өглөө.

Нийслэлд иргэд чөлөөтэй амарч зугаалах, гүйх, алхах, дугуй унах, чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг баталсан байна.

Тухайлбал, эхнийх нь Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болжээ.

Харин хоёр дахь нь РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Үүнээс гадна Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Туул голын эрэг дагуу иргэдэд зориулсан нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг  яаралтай эхлүүлж, нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэхийг даалгалаа.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт байгуулах хөл бөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр болсон байна. Дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ гэрэлтүүлэг, камер суурилуулах зэргээс эхлээд өнгө дизайн сайтай,  иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцохыг Хотын дарга холбогдох албаныханд санууллаа.

Энэ үеэр мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэжээ.

Дээрх 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгасан бөгөөд ирэх долоо хоногт зураг төслөө эцэслэн танилцуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасан байна.