УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан тус саналыг Байнгын хорооны 11 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжвэл Ш.Солонго Цэцийн гурав дахь эмэгтэй гишүүн болно.

Манай улсын Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрддэг бөгөөд эдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх санал болгож, зургаан жилийн хугацаатай томилдог байна.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Д.Сугарыг 2012 онд УИХ санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон бөгөөд энэ хугацаанд МИАТ-ын хэрэг болон Эрдэнэтийн 51 хувийг Стандартад банканд барьцаалахад оролцсон гэх мэдээлэл олонд  түгсэн юм. Түүний Стандарт банк руу илгээсэн захидлыг манай сайт ил болгож байсан билээ.

Үндсэн хуулийн цэцэд  хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн хүнийг сонгох заалттай аж. “Нэр дэвшигч Ш.Солонго нь цэцийн гишүүний хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гавьяат хуульч цолтой, төрийн албанд 34 жил ажилласан” гэдгийг нь М.Энхболд онцоллоо.

Гэхдээ Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг.

Түүнийг Цэцийн гишүүнээр сонгох асуудал Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдвэл, Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ш.Солонгын намтар:

  • 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр
  • 1994 онд Тайванд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн,
  • 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн,
  • 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн,
  • 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Эрхэлж байсан ажил:

  • 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга,
  • 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт,
  • 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга,
  • 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.