Өнгөрсөн сарын 28-нд СХД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн нойтон арьс, гавлын ясыг тээвэрлэж явсныг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Энэхүү хэргийн эзэн холбогдогчийг харьяаллын дагуу СХД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлж, ховор амьтан агнасан, эд эрхтнийг хууль бусаар тээвэрлэж явсан зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрүүгийн хуульд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна.

Дашрамд дурдахад, манай улсад 800-1000 орчим цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувийг эзэлдэг байна.