Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад цас бага орсноос үүдэн хуурайшилт их байгаа тул нийт нутгаар ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Үүнтэй холбогдуулан шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан тушаал гаргаж, орон нутгийн удирдлагууд хүргүүллээ.

Уг тушаалд:

  • Тухайн орон нутгийн түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой хээрийн түймрээс сэргийлэх,
  • Түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс давсан тохиолдолд тухайн нутгийн хэмжээнд ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувилал, иргэдийн ой хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох,
  • Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг нэгдсэн удирдлагаар хангаж, гал унтраах нэмэлт хүч хэрэгслийг дайчлах, сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Сануулахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568.6 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, ААН, байгууллагад 39.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.