Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг өнгөрсөн сарын 22-оос энэ сарын тавныг хүртэл бүртгэсэн бөгөөд 35 мянга гаруй иргэд найман ангиллаар хамрагдах хүсэлтээ цахимаар өгсөн юм.

Дээрх бүртгүүлсэн иргэдээс хоёр дахь шатанд шаардлага хангасан хүмүүсийн цаасан материалыг энэ сарын 19-23 хооронд хүлээн авсан юм. Одоогоор иргэдийн материалыг хянаж дууссан ба маргааш Орон сууцны комис хуралдаж, тэнцсэн тэнцээгүйг эцэслэн батална гэж мэдэгдлээ. 

Ийнхүү тэнцсэн иргэдэд түрээсийн орон сууцны батламжийг шууд гардуулах ба байраа сонгох хуваарилах зэрэг ажлыг хийх юм. Мөн маргаашийн хурлаар гамшигт өртөн орон гэргүй болсон 30 өрхийг шалгаруулж, цаасан материалаа өгөөгүй, шаардлага хангаагүй, хар жагсаалтад орсон иргэдийн тоог нарийвчлан гаргаж иргэдэд нэг бүрчлэн мэдээлэл өгнө гэлээ. 

Бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь гэрт, есөн хувь нийтийн байр болон түрээсийн байранд, 41 хувь нь дэд бүтэцгүй амины орон сууцад, хоёр хувь нь амбаар, чингэлэгт амьдардаг гэсэн дүн гарчээ.

Харин сүүлийн үед зарим сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй НОСК-ийн ажил удааширсан, зарим ажилчид нь авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл ор үндэсгүй гэдгийг НОСК-аас мэдэгдлээ.

Одоогоор ажил төлөвлөсөн графикийнхаа дагуу явж байгаа ба дээрх худал мэдээллийг тараасан сайтуудыг Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн хуулийн байгууллагад шалгуулах албан хүсэлтээ өгсөн байна. 

Сануулахад, Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны 580-ыг түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр, харин 390 орчимд нь газраа чөлөөлсөн иргэдийг хамруулах юм. Ингэхдээ хамгийн багадаа дөрвөн га газраа чөлөөлсөн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулна.