Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн онд Засгийн газраас өмнөх засгийн үед эхэлсэн ч санхүүжилтийн улмаас Улаанбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт зогссон нийт 1542 орон сууцыг Хөгжлийн банкны 110 тэрбум төгрөгийн зээлээр барьж дуусган, ашиглалтад оруулж эхэлсэн байна.

Тэгвэл эхнээсээ ашиглалтад орж эхэлсэн эдгээр барилгуудыг түрээсийн орон сууцанд шилжүүлж, зээлтэй нь хамт орон нутагт шилжүүлэхээр боллоо. Ингэснээр орон нутгийн захиргаанаас үүнийг иргэдэд түрээсийн орон сууц хэлбэрээр олгохоор болж байна.

Тухайлбал, Буянт- Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцыг Нийслэлийн захиргаанд түрээсийн орон сууц болгон шилжүүлсэн ба ингэхдээ эдгээр орон сууцыг иргэд таван жилийн хугацаанд түрээслэн цаашид өмчлөх журмаар олгох юм.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон байгаагаас гадна урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн 40 гаруй мянган иргэн байгаа гэдгийг  БХБЯ-ны сайд Б.Баделхан хэллээ.

Тиймээс яг ямар журмаар олгохыг нийслэлийн захиргаа болон Нийслэлийн орон сууцны корпораци хариуцан ажиллахаар болжээ. Мөн Буянт-Ухаа-2 хорооллын барилгыг хөгжлийн банкны 75 тэрбум төгрөгөөр барьсан ба нэг мкв-ын өртөг ойролцоогоор 1.4 сая төгрөг байна.

дашрамд дурдахад, Салбар яамны хийсэн судалгаагаар орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байгаа юм. Үүнээс ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм.