Буянт-Ухаа-2 972 айлын түрээсийн орон сууцын 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилээр түрээслээд өмчлөх, үлдсэн хувийг түрээсийн орон сууцны зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулах журмыг НИТХ баталсан юм. Мөн үүнд гэр хороололд амьдардаг зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар болсон.

Дээрх 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл Даваа гарагт эхэлж, наймдугаар сарын таванд дуусна. Бүртгэлийн хугацаанд иргэд Nosk.ub.gov.mn хаягаар 24 цагийн турш бүртгүүлнэ. 

Ингэхдээ НОСК зөвхөн цахим бүртгэлийг явуулах бол сонгон шалгаруулалтыг Орон сууцны комисс, НЗДТГ-ын дэргэдэх Орон сууцны зөвлөл, хуулийн байгууллагын төлөөлөл явуулахаар болсон байна.

Иймд олон нийтийн сүлжээгээр гарсан НОСК-ийн ажилтнууд иргэдээс мөнгө нэхсэн, түрээсийн орон сууцны гэрчилгээг урьдчилж өгсөн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

Цахимаар бүртгүүлээд шалгарсан иргэд дараагийн шатанд бичиг баримтаа бүрдүүлэх бөгөөд хэрэв цахимаар худал мэдээллээр бүртгүүлсэн тохиолдолд хар жагсаалтад орж дахин түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй болно. Түүнчлэн шалгарсан иргэдийн мэдээллийг шилэн байдлаар буюу НОСК-ын сайтад байршуулах юм.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 м.кв гурван өрөө, 39.30 м.кв хоёр өрөө, 49.23 м.кв хоёр өрөө гэсэн гурван төрөл байна. Байрны нэг м.кв үнэ 1.450.000 төгрөг байх ба зорилтот иргэдэд түрээслэх түрээсийн үнэ м кв-аасаа хамаараад 137.550-411.000 төгрөг байх гэнэ.

Мөн өмчлөх хэлбэрт урьдчилгаа төлбөрийн хэлбэрээс хамаарах ба 30 хувиа төлөөд явж буй иргэд сард хамгийн багадаа 284.000 төгрөг, ихдээ 1.6 сая төгрөг төлөх юм. Урьдчилгаа төлбөрөө бүрэн бүрдүүлсэн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой. 

Дашрамд дурдахад, өмнө нь түрээсийн орон сууцанд материалаа бүрдүүлж өгсөн иргэд энэ удаа шалгарвал зайлшгүй шаардлага тулгараагүй тохиолдолд дахин бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй байна.