Буянт Ухаа-2 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнгөрсөн сарын 22-оос энэ сарын таван хүртэл явагдаж, нийт 35.058 иргэн хамрагдах хүсэлтээ баталгаажуулаад байгаа юм.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдтэй холбоотойгоор НОСК-иос дараах мэдэгдлийг гаргалаа. Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалаа энэ сарын 19-23-нд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн Мишээл болон Дүнжингаравын салбарт аваачиж өгөх юм.

Ингэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад хүмүүс материалаа өөрийн биеэр авчирч өгөхийг анхааруулаа. Харин дээрх заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй болон хуурамч материал бүрдүүлж өгсөн иргэдийг жагсаалтаас хасаж дараагийн хүнийг жагсаалтад оруулах юм. 

Түүнчлэн АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулах үүднээс иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл болох овог, нэр, бүртгэлийн дугаарыг зорилтот бүлгийн ангилал бүрээр нь НОСК-ийн сайтад мэдээлж байна. 

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэд хавсаргах бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, 
  • Орлого тодорхойлох бичиг баримт
  • Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
  • Залуу гэр гэрлэлтийн лавлагаа,
  • Ахмад настан тэтгэврийн дэвтрийн хуулбар,
  • Гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт
  • Өрх толгойлсон эцэг, эхчүүд өрх толгойлсон болохыг нотлох баримт
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүл хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг хавсаргана.

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримтыг оруулж болно.