Засгийн газрын энэ онд гаргасан тогтоолын дагуу Буянт-Ухаа-2 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууц болгон иргэдийг хамруулж байгаа юм. 

Энэ дагуу уг түрээсийн орон сууцанд НЗДТГ болон Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг хамруулах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хотын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлэх, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгохыг тусгажээ.

Мөн иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулсан байна. 

Сануулахад, түрээсийн орон сууцны бүртгэл өнгөрсөн сарын 22-оос энэ сарын таван хүртэл явагдаж, нийт 35.058 иргэн хамрагдах хүсэлтээ баталгаажуулжээ.