Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгарулалтын комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж байгаа бөгөөд шалгаруулалт өнөөдөр дуусна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд шаардлагатай материалыг бүрдүүлэх ба материал дутуу бол дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай байна. 

Хуралдаанаар эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй 3134 иргэний хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. 

НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар хэлэхдээ, “Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд нээлттэй явагдаж байгаа тул танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломжгүй” гэлээ. 

Иргэдийн дийлэнх нь түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй ба залуу гэр бүл ангилалд 4443, төрийн албан хаагч ангилалд 6542, хувийн байгууллагын ажилтан болон хувираа хөдөлмөр эрхлэгч ангилалд 9549, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 960, өрх толгойлсон эцэг, эх ангилалд 3148, тэтгэвэр тогтоолгосон ахмад настан ангилалд 7166, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд 3134, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.