Засгийн газрын хуралдаанаар цалин нэмэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гэхдээ улс төрийн албан тушаалтан, шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй бөгөөд төрийн албан хаагчийн 90 хувь буюу 170 мянга гаруй ажилтнуудын цалинг нэмлээ.

Төрийн албан хаагчийн цалинг найман хувиар, багш, эмч сувилагч нарын цалинг ажлын нөхцөл, албан тушаалын зэрэгтэй нь холбогдуулан 12-30 хувиар нэмэхээр боллоо.

Тодруулбал, хамгийн их ачаалалтай ажилладаг бага ангийн болон цэцэрлэгийн багш, сувилагчийн үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээс гадна бага ангийн, цэцэрлэгийн багшийн ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагчийн ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагчийн цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. 

"Цалин нэмэхээр шийдвэрлэсэн учир УИХ-ын 29-р тогтоолд өөрчлөлт оруулж 2019 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барина" гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярилаа.

Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд эмч багш зэрэг төрийн үйлчилгээний салбарынхан өнгөрсөн жилээс эхлэн цалин нэмэхийг шаардаж байгаа юм.