Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэлтэй залууст туршлага олгох үүднээс Туршлага 1 сар аяныг эхлүүлэхээр боллоо.

Аяны хүрээнд маргаашаас эхлэн наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад дадлага хийх боломж бүрдэж байна. Хэрэв дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллах боломжтой юм. 

Дадлага хийх, ажлын туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан залуус НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Сонирхуулбал, нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус байгаа юм. Учир нь дийлэнх албан байгууллага ажлын туршлага шаарддагаас үүдэн шинэ төгсөгчид ажилд орж чаддаггүй байна.