Вэйсел Акчайг хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж тайлбар хийлээ. Түүнийг хулгайлсан хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон гэх олны таамаг байгаа юм.

Харин энэ талаар Ц.Нямдорж хэлэхдээ “Тийм хардлага нэлээдгүй явж байгаа. Тухайн үед хүн хулгайлагдсан гэх мэдээлэл ирж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явдал болсон. Энэ хугацаанд болсон зүйлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ хэрэгт холбоотой нууцын зэрэглэлтэй, нарийн төвөгтэй асуудлууд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Хэдийгээр Туркийн зүгээс Монголд хууль бус ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдэж байгаа ч элчин сайд Ахмет Язал “хэрэв үйл ажиллагаа явуулах шаардлага гарвал тухайн улсын хууль хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой. Энэ хэрэгт Монголын тал хариулт өгнө” гэсэн юм.

Хэрэгт холбогдуулан Туркийн элчин сайдын яамны гурван ажилтныг байцаасан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд энэ талаар мөн тодорхой хариу хэлээгүй юм.

Харин Ц.Нямдорж “Вэйсел Акчай террорист байгууллагын хүн мөн биш эсэх нь тухайн улсын асуудал. Харин манай улсын газар нутагт болсон уг хэргийг цагдаа, прокуророос хянаж, цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэлээ.