Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-нд СБД-ийн II хорооны нутаг дэвсгэрээс гадаад царайтай хүнийг нүүрэндээ баг зүүсэн гурван этгээд хүчээр авч явсан гэх мэдээлэл иржээ.

“Уг мэдээллийн дагуу хүн хулгайлахыг завдсан дээрх гурван этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа ч одоогоор олоогүй байна” гэж ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр хэллээ. Эрүүгийн хуульд зааснаар хүн хулгайлсан гэх үйлдэлд 1-5 жилийн ялаар шийтгэдэг байна.

Харин Монгол Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс хамгаалалтад авчээ. Тэрээр Монголд эхнэр хүүхдүүдийн хамт оршин суугаад 25 жил болж байгаа юм.

Түүнийг гэрийнх нь гаднаас хулгайлсан хэрэгт иргэд төдийгүй олон улс Туркийн засгийн газрыг сэжиглэж байгаа юм. Харин тэдний зүгээс Монголд хууль бус ажиллагаа явуулаагүй гэдгээ мэдэгдээд байна.