Земар Кос ахлагчтай Диаррой Шадоү гэх Турк хакерын баг манай улсын Засгийн газрын сайтуудыг хакердсан тухай Туркийн мэдээний агентлаг Онгун Хабер өчигдөр мэдээллээ.

Тус мэдээний агентлаг Земар Кос-той холбогдож, 20 секундийн турш яриа авсан байна.

Земар Кос: Турк улсад занга тавьсан энэ террористуудыг хамгаалсан, дэмжсэн бүх улс болон байгууллагууд бидний нүдэнд террористууд. Тийм болохоор энэ террористуудад өөрсдийнх нь ойлгох хэл дээр хариу өгөх болно. Муслим улс болон ерөнхийлөгч Таип Эрдогон мандтугай! Террорист Монгол улс одоогоор хэдэн сая долларын алдагдалд ороод байгаа. Бид ажиллагаагаа үргэлжлүүлэх болно, байнуудыг онилоод хариу үйлдэл үзүүлж байгаа вебсайт руу цохилтыг 24 цагийн турш үргэлжлүүлнэ, гол серверүүдийг устгана гэжээ.  

Онгун Хабер сайтын нийтэлсэн мэдээ

Мөн сайтад, Монгол дахь Феттула зэвсэгт террор бүлэглэлийн төлөөлөл болох Улаанбаатар Эмпати сургуулийн захирал Вэйсел Акчай-г Туркийн үндэсний тагнуулын алба гэрийнх нь гаднаас нутагтаа эргүүлэн авчрах үед Монгол дахь Америкийн элчин болон Монголын тал уг үйл ажиллагааг зогсоосон гэжээ.

Түүнчлэн “Диаррой Шадоү хакерын баг Монголын Засгийн газрыг хараандаа байлгаж байна” хэмээн нийтэлсэн байна.

Oнгун Хабер Завхан аймгийн сайтыг жишээ болгон гаргасан байдал


Сануулбал, Улаанбаатар Эмпати сургуулийн захирлыг өнгөрсөн Баасан гарагт үл таних этгээдүүд хулгайлж, үүнээс хэдхэн цагийн дараа Туркийн тусгай үүргийн онгоц манай улсад газардсан байдаг. Шөнийн 01:00 цагт Акчай гэртээ харьж, уг онгоцноос хүн бууж, суулгүйгээр нутаг буцсан юм.

Уг асуудлыг Туркийн засгийн газрын тусгай ажиллагаа гэх таамаг олны дунд байсан ч, манай улсын албаны эх сурвалжууд “хэний захиалга, яах гэж хулгайлсан нь тодорхойгүй” гэх хариултыг өгсөөр байна.

Харин Туркийн гадаад хэргийн яамны хэргийн яам өнөөдөр мэдээлэхдээ, “ФЕТО (Феттула Гүлен) байгууллагын төлөөлөл шударга шүүхийн өмнө хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Тусгай ажиллагааг Монгол улс “хүн хулгайлах гэмт хэрэг” гэсэнд бид гүнээ харамсаж байна. Монголын эрх баригчдын хандлагыг Турк улс хүчтэй эсэргүүцэж байна, Монгол улс ФЕТО террорист байгууллагын Монгол дахь тархалтыг зогсооно гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Төрийн албаны сайтууд халдлагад өртсөн тухайд ЦЕГ-аас тодруулахад, “Цагдаагийн ерөнхий газарт тийм мэдээлэл ирээгүй учир мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Одоогоор Монголын сайтуудыг хакердсан тухай мэдээлэл Обгун Хабер-аас өөр Туркийн болоод олон улсын ямар ч мэдээний агентлаг мэдээлээгүй бөгөөд хэчнээн сайт хакердуулсан нь мөн тодорхойгүй хэвээр байна.

Фетулла Гүлен нь Исламын шашны номлогч бөгөөд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх замаар шашны буруу үзэл баримтлал дэлгэрүүлдэг, 2016 оны Туркийн засгийн эрхийг булаах үйл ажиллагаа зохион байгуулсан хэмээн Туркийн Засгийн газар буруутгадаг юм. Фетулла Гүлен одоо Америкт оршин суудаг бөгөөд 2016 оны төрийн эргэлтэд өөрийгөө ямар ч хамааралгүй "миний дагагчид оролцсон байхыг үгүйсгэхгүй" хэмээн мэдэгддэг юм.

Туркийн гадаад хэргийн яамны мэдэгдэл
Диаррой Шадоү-н хакердсан сайтууд, Зураг: Twitter/buken_e