ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэдээлснээр өнөөдөр Казахстанаас ирсэн нэг хүнийг Бага баян амралтад, Италид зорчсон хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. 

Өчигдөр  Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ нуусан байна. 

Тус хүмүүс хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Францаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Тиймээс ажлын газрын болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж олсон байна.  

Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад авч нийт 255 сэжигтэй тохиолдолд  шинжилгээ хийжээ.

Гэвч тусгаарлагдсан иргэд өвчний аюулыг ойлголгүй зөрчил гаргасаар байна гэнэ. Жишээлбэл,

  • Бага баян амралтад байгаа Хөвсгөл аймгийн харьяат, Б гэх сувилагч эмэгтэй бусдыг турхирч “эндээс гаръя, жагсаал хийе” гэжээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа хүмүүс архи уусан,
  • Налайхын харьяат иргэн онгоцноос буусан даруйдаа зугтаасан,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гарна гэж дураараа авирласан, 
  • Зарим нь өөр газар тусгаарлагдана гэж эсэргүүцэл илэрхийлсэн.

Эдгээр зөрчил гаргаж буй иргэд үйлдлээ таслан зогсоохгүй гэвэл нийтэд ил тод мэдээлэх ба дэглэм дууссаны дараа хуулийн хариуцлага тооцно гэлээ.