Солонгосын тусгай боловсролын их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, зөвлөхүүд энэ сарын зургаанаас 14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт явуулж байна.

Сургалтад 116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгийн нэг багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн оюутнууд зэрэг 56 хүн хамрагджээ.

Сургалтад хамрагдсан харааны бэрхшээлтэй гурван багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй таван багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлсэн байна.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан багш нар ирэх оноос хоёр дахь ахисан шатны сургалтад хамрагдсанаар тусгай боловсрол эзэмшүүлэх батламж гардан авах юм.

Энэхүү сургалтыг Солонгосын “Green teachers” төрийн бус байгууллага, тусгай боловсролыг дэмжих төвтэй хамтран зохиож байгаа бөгөөд тус байгууллага нь энэ оноос эхлэн БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Дашрамд дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь ердийн сургуульд хамрагддаг бол 10 хувь нь л тусгай сургуульд хамрагддаг байна. Тухайлбал, улсын хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхэд байгаа гэсэн судалгаа бий бөгөөд өнгөрсөн жил 1600 орчим нь цэцэрлэгт хамрагджээ.

Зураг: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам