Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал, эмчилгээний зардал зэрэг нөхөн төлбөр олгох үүрэгтэй юм. Гэвч тусгай сангуудад хийсэн шалгалтаар зөвхөн өргөдөл гаргасан хохирогчид нөхөн төлбөр олгодог байсан зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал,

  • Хүнийг санаатай алах гэмт хэргийн хохирогч болсон 52 хүний оршуулгын зардалд 205.4 сая төгрөг олгохоор тооцсоноос 22.6 сая төгрөгийг нөхөн олгож 182.8 сая төгрөгийг олгоогүй,
  • Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн нөхөн төлбөрт таван хүний эмчилгээний зардалд 10.6 сая төгрөг олгохоор тооцсоноос 1.2. сая төгрөгийг нөхөн олгож 9.0 сая төгрөгийг төлөөгүй,
  • Хүчиндэх гэмт хэргийн нөхөн төлбөрт зургаан хүний эмчилгээний зардалд 17.3 сая төгрөг олгохоор тооцсоноос огт төлөгдөөгүй байна.

Үүнээс гадна сангийн удирдлага, зөвлөл нь орон тооны бус байгаагаас үүдэн нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулах, сангаас гаргасан тогтоол, шийдвэрийг хангалтгүй хэрэгжүүлж, хяналт сул байсан нь тогтоогджээ.

Уг санд 2012-2017 онд нийт 1.772.9 сая төгрөг төвлөрүүлж 899.3 сая төгрөгийг 237 хохирогчид олгосон нь 50.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Иймд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Сангийн яам дүгнэсэн байна.

Сануулбал, Засгийн газраас тусгай сангуудад хийсэн шалгалтад үндэслэн долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэж, гурван сангийн үйл ажиллагааг сайжруулахаар болсон юм.