УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан Туул гол дагуу оршин суудаг ХУД-ийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус, Биокомбинат болон түүнийг дагаж суурьшсан тосгон, амралтын газрууд хаягдал усаа Туул гол руу шууд цутгадгаас болж энэ орчмын ус, агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг иргэд хэллээ.

Туулын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон ба бохир усаа цутгагддаг Сонгиноос цааших 120 гаруй км нь их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна.

Үүнээс болж мал амьтан, загас хордож үхэх, малын ус ноос зулгарч унах нь бараг хэвийн үзэгдэл болж, мал нядлаад дотрыг нь шууд хаяхаас араггүйд хүрдэг гэдгийг Алтан булаг сумын малчид УИХ-ын даргатай уулзах үеэрээ хэллээ.

Малчид нойлын угаадас уухгүйн тулд сумын төв, ойролцоох цэргийн ангиас ус гуйж, мөнгөөр авдаг болжээ. Иймд Ус, хөрсний бохирдлыг багасгахад хөрөнгө төсөвлөж, үүнийг яаралтай шийдвэрлэхийг хүслээ.

Мөн ХУД-ын 13-р хороо, Шувуу орчимд  хайрга, дайрга олборлолт хавтгайрч, малчдын бэлчээр, хөрс, усыг сүйтгэх болжээ. Тухайлбал, энэ орчимд 85 ААН үйл ажиллагаа явуулж байснаас 50 гаруй нь ажилласаар байгаа ба Ашигт малтмал газрын тосны газраас нэмж зөвшөөрөл олгосон гэдгийг оршин суугчид хэлж байна.

Үүний хариуд УИХ-ын дарга дээрх нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээг долоо хоногийн дотор хийж, дүгнэлт гаргах, иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахаар боллоо.

Мөн Алтанбулаг суманд ундны усны зориулалтаар хоёр худаг гаргаж өгөхөө амлаж, хайрга, дайрга олборлож байгаа ААН-ийн үйл ажиллагааг нэн даруй хаах үүрэг даалгаврыг албаныханд өгсөн байна.

Алтанбулаг сум 1100 гаруй өрхтэйгөөс 700 гаруй нь Туул голоо дагаж нутагладаг байна. Энэ хавар гэхэд сумын нэгдүгээр багийн хоёр айлын 150 гаруй мал шалтгаангүйгээр хорогдсоныг шинжлүүлэхэд хордлого болох нь тогтоогджээ.

Иймд УИХ-ын дарга  ирэх долоо хоногт энэ асуудлаар хэлэлцүүлэг зохиож, дүгнэлтүүдийг танилцуулах, шаардлагатай бол Нээлттэй сонсголыг тус нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оролцуулан хийх үүргийг өглөө.