УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, хотын даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Туул гол дагуу зөвшөөрөлгүй болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа.

Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Иймд дээрх ААН-д олгосон газрыг төрд авч, дахин хэн нэгэнд олгохгүйн тулд Хотын захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр боллоо.

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Эдгээр газруудыг төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалтыг иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Хууль зөрчсөн газруудыг эхнээс нь цуцалж байгаа ч эргээд шүүхэд хандаж, хугацааг алдагдуулж байна” гэлээ.

НМХГ-аас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх саналаа нийслэлд өгсөн байна. Энэ хүрээнд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан ч энэ нь шүүхийн шатандаа явж байгаа гэнэ.

Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг НМХГ--аас хэлсэн юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ асуудалд төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн тэрээр шүүхэд ялагдсан шалтгаан, хэн гэгч шүүгч дээрээс буцаж байгаа талаарх мэдээллийг энэ долоо хоногт багтаан Өргөдлийн байнгын хороонд гаргаж өгөхийг даалгалаа. Учир нь үүний ард авлигын асуудал ч байж болзошгүй тул холбогдох байгууллагаар шалгуулахаар болсон байна.

Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар Туул гол дагуу хайрга олборлодог ААН-ийн зөвшөөрлийг цуцлахаар болсон бөгөөд ХУД-ын 13-р хороо, Шувуу орчимд 85 ААН үйл ажиллагаа явуулдаг байна.