Зүүнбаян Рефайнери ХХК-ний захирал тус компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Туул голын ойролцоох газарт тодорхой хэмжээнд судалгаа хийж, тусгай зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр барилга барих ажлаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ.

Тус компаний удирдлагууд зөвшөөрөлгүй бургас хядаж барилга барьсан зүйл байхгүй, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖЯ-ны сайд байхдаа 2016 онд манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг ч энэ мэдээллийг бид өнгөрсөн оны тавдугаар сард мэдсэн гэлээ.

Мөн “Цөөхөн хэдэн бургас тайрсны төлөө улс төрчид үүгээр улс төр хийж байгаад харамсалтай байна. Манай компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулсан учир нүүр бардам байна” гэж тус компаний захирал О.Сайнбаян хэллээ.

Зүүнбаян Рефайнери ХХК байгаль орчинд 13 тэрбумын хохирол учруулсан гэдгийг БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хэлсэн юм. Тэгвэл тус компаниас энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн цагдаагийн байгууллагаас мэргэжлийн шинжээч гарган дүгнүүлэхэд нөхөн сэргээлтийн зардал 31 сая төгрөг гэж гарсан гэлээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг Зүүнбаян Рефайнери ХХК нь хотын дарга С.Амарсайхантай ямар нэгэн хамааралгүй гэж мэдэгдлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч нь хотын даргын ах С.Ууганбаяр бөгөөд түүнээс эрхийг нь албан ёсоор шилжүүлж авч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.