БОАЖЯ, НЗДТГ болон Хүрээ морьтон ХХК хамтран Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар боллоо.

Цэвэрлэгээнд төрийн болон ТББ, Монголын оюутны холбоо, ААН-ийн оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 мянган гаруй хүнийг хамруулна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Цэвэрлэгээг нийт дөрвөн хэсэгт хуваагдан хийх ба нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл, хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрээс Маршалын гүүр хүртэл, гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл, дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл голын эрэг дагуу нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх юм.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг Хүрээ морьтон ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөх юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 20-нд нийслэлчүүдийн бүх нийтийн цэвэрлэгээний өдөр тохиосон юм. Энэ жил иргэд ААН, төрийн байгууллагууд 90 минутын турш ойр орчмоо цэвэрлэсэн ба уг арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохиодог болжээ.