Засгийн газраас төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, хатааж, шатаадаг тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасан юм. Үүний хүрээнд тоног төхөөрөмж суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх ажлууд хийгдэж эхэллээ.

Мөн төв цэвэрлэхийн цэвэршүүлэлтийг сайжруулах зорилгоор улсын төсвөөр хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа ба долдугаар сард ашиглалтад орох юм. Ингэснээр төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цаашлаад түүхий лагийг хэт авианы төхөөрөмжөөр оруулж, лаган дахь нян бактерийг устгаж халдваргүйжүүлэх юм байна. Одоогийн байдлаар уг төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд туршилтыг хийж эхэлжээ.

Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон ба хоногт 160.000-190.000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг юм. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 10 тонны машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний нойтон лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, хотод өмхий үнэр үнэртдэг байна.