Буянт-Ухаа 2 972 айлын орон сууцыг түрээслэхтэй холбоотойгоор наймдугаар сарын таван хүртэл цахим бүртгэлийг хийж байна. Одоогийн байдлаар 23 мянга гаруй иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулжээ. 

Цахим бүртгэл хийлгэхэд хэд хэдэн бэрхшээл тулгарч байгаа ба Нийслэлийн орон сууцны корпорацийн утас ачаалал ихтэй байгаа учир иргэд холбогдоход хүндрэлтэй байгаа юм. Иймд түрээсийн орон сууцанд бүртгүүлэхтэй холбоотой анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. 

Цахим бүртгэлд хамрагдахдаа анхаарах зүйлс: 

  • Зөвхөн компьютероор бүртгэл үүсгэх боломжтой
  • Анкетыг кирилл үсгээр үг, үсэг товчлохгүйгээр бичнэ
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгийг бүгдийг нь бөглөнө
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ 
  • Зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийх шаардлагатай 
  • Анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болно
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно
  • Өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаарыг харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай

“Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна” гэсэн тохиолдолд яах вэ?

  • Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-мэйл болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.
  • Хэрэв та и-мэйл хаяг болон нууц үгээ аль алийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэх боломжтой.

Түрээсийн орон сууцыг таван жилээр түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450 мянган төгрөг байгаа ба байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөс хамааран 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл байна. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянган төгрөг, 550-411 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.