Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталж, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу хэд хэдэн онцлох шийдвэр гаргалаа.

Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулж, дараах хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд өмчилж авах боломжтой боллоо. Тодруулбал, байрны төлбөрийн 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах замаар өмчлөх боломжтой байна. 

Мөн төлбөрийн чадвартай бол ипотекийн зээл олгож буй байгууллагатай тохирсны үндсэн дээр урьдчилгаагаа таван жилийн хугацаанд сар бүр төлбөр төлж тухайн байрыг өмчлөх боломжтой болжээ. энэхүү журам батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Энэхүү зээлд ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч оролцох боломжтой ба 30 хувийг гурав эсвэл таван жилийн дотор төлж барагдуулахаар олгож буй байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх гэнэ.

Манай улсад 1512 айлын түрээсийн орон сууц байгаа ба ипотекийн зээлийн эх үүсвэрийн дөрвөн хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байгаа гэж Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан мэдэгдлээ.

Гэвч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа ба хэрэв хэрэгжсэн тохиолдолд зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой гэнэ. Энэ онд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жилээс Засгийн газар хариуцах юм байна.

Өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаагаар 44 мянган иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.