Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү журам болон хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхэлнэ. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаснаар түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэх юм.

Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан өмнө нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан байгаа гэж мэдэгдлээ. 

Мөн энэ хурлаар Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны асуудлыг хэлэлцэж, 30 хувийг нь зорилтот бүлгийн иргэдэд түрээслэх, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгохоор боллоо. Журмын төсөлд тусгаснаар Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх гэдэгт:

  • Залуу гэр бүл,
  • Төрийн албан хаагч,
  • Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • Өрх толгойлсон эцэг, эх,
  • Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд байна. 

Харин Түрээслээд өмчлөх орон сууц гэх ангилалд Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа өмчилнө Өөрөөр хэлбэл, тухайн түрээсэлсэн иргэн тав хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм.

Нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой болон бусад томоохон төсөлд хамрагдсан иргэд газар чөлөөлөлтөд хамрагдана.