Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр явуулах ба бүртгэлд хамрагдах иргэд Улаанбаатарын харьяалалтай, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх ёстой юм.

Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжид ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгыг бөглөх ба шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна.

Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээлэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн дахин түрээсийн орон сууцанд хамрагдаг боломжгүй болох юм.

Түрээсийн орон сууцны 20 хувийг залуу гэр бүл, 25 хувийг төрийн албан хаагч, 20 хувийг хувийн байгууллагын ажилтан, таван хувийг 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, таван хувийг өрх толгойлсон эцэг эх, таван хувийг өндөр настан, тэтгэвэр тогтоолгосон ахмад, 50 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, таван хувийг гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгоно.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэд хавсаргах бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, 
  • Орлого тодорхойлох бичиг баримт
  • Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
  • Залуу гэр гэрлэлтийн лавлагаа,
  • Ахмад настан тэтгэврийн дэвтрийн хуулбар,
  • Гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт
  • Өрх толгойлсон эцэг, эхчүүд өрх толгойлсон болохыг нотлох баримт
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүл хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг хавсаргана.

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримтыг оруулж болно.