НИТХ-ын хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Түрээсийн орон сууцыг хэзээнээс иргэдэд олгох асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй, Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байна. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг нийслэл болон орон нутгийн захиргаанаас олгохоор шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл түрээсийн орон сууцны бүртгэлийг долдугаар сарын 22-оос эхлэн цахимаар явуулна гэж Нийслэлийн орон сууцны корпорцийн захирал Б.Сүхбаатар мэдэгдлээ. Бүртгэл нээлттэй явагдах ба иргэдийг наймдугаар сараас түрээсийн орон сууцанд оруулахаар төлөвлөжээ. 

Сануулбал, Хотын даргын зөвлөлийн хурлаар Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээслэх, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгохоор болсон юм. НИТХ-аар хэлэлцэж буй Түрээсийн орон сууцад хамруулах журам батлагдвал тус заалт хэрэгжинэ.