Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байх магадлалтай 24 нэр төрлийн эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.

Эдгээр эд зүйлийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-нд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монголын иргэн М хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. 

Тэрээр хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан зэрэг 24 нэр төрлийн эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан нэвтрүүлэх гэж байжээ. Тус хэргийг одоогоор сум дундын прокурорт харьяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлээд байна. 

Сануулбал, өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлийг машины эд ангид нуун хил нэвтрүүлэхийг завдсан юм.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглах, сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хувилан олшруулах, хуулбар хийх, хадгалж хамгаалах, зөөж тээвэрлэх, тооллого хийх журмыг зөрчсөн бол иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, ААН-ийг 100000-150000 төгрөгөөр торгоно гэжээ. Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж зэрэглэнэ.