Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо анх удаа хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, хуралдааны дэг, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцлээ.

Тус хорооны бүрэлдэхүүнд сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байгаа ба даргаар Ерөнхий сайд ажиллах юм.

Тэрээр “Сүүлийн жилүүдэд газар олголт эмх замбараагүй явагдсанаас үүдэн дагалдах олон хүндрэл гарч байгааг зайлшгүй цэгцлэх цаг болсон. Газраас үүдсэн маргаанаас хүний амь нас эрүүл мэнд ч хохирч болзошгүй байна. Иймд бид уялдаа холбоотой нэгдсэн бодлого явуулж, богино хугацаанд зохицуулах хэрэгтэй” гэлээ.

Мөн улсынхаа нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулж, бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн байгуулах, газрын тухай багц хуулийн мэдлэгийг иргэдэд олгох, мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байлаа.

Харин хууль зөрчсөн иргэд, ААН-д хариуцлага тооцож, зөвшөөрөгдөөгүй газар эзэмшиж өмчилсөн тохиолдолд хурааж авах зэрэг арга хэмжээг явуулах нь зүйтэй гэж хорооны гишүүд үзлээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт 137 аж ахуйн нэгжид хуулийн дагуу 160 гаруй мянган га газар өмчлөх, эзэмших байдлаар олгосон ч тэд нийт 600 мянган га газрыг хашаалж авсан байна.

“Энэ нь иргэд хуулиа зөрчиж байгаагийн нэг илрэл. Ийм тохиолдол цөөнгүй байгаа учир иргэдийн илүү хашаалж авсан газрыг улс буцаан хурааж, газар авах хүсэлтэй бусад иргэддээ тэгш боломж олгох ёстой” гэдгийг албаныхан хэллээ.

Тиймээс Газрын шинэтгэл үндэсний хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоосон байдлыг нягтлах, төрөөс явуулж буй бодлого чиглэл, хууль журмыг хэлэлцэх, газрын үнэлгээ, татварын оновчтой тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг тусгажээ.

Сануулахад, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард долоон аймгийн 60 сумын 113 багт газар тариалангийн бүс нутгийг тогтоосон юм. Ингэснээр малчид, тариаланчдын 10 жилийн маргаан эцэслэгдэнэ гэж үзсэн байна.