Уулзалтыг НЗДТГ, хотын захиргаа хамтран зохион байгуулж байгаа ба  хоёр хотын 100 гаруй ААН, компанийн удирдлага, төлөөлөл оролцож эдийн засгийн харилцаа, худалдааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна.

Арга хэмжээг нээж Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хөрш орнуудын нийслэл хот хоорондын хамтын ажиллагаа, стратегийн түншлэл хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулна. Тиймээс энэ удаагийн арга хэмжээний хүрээнд бизнес уулзалт хийхээр төлөвлөсөн нь хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны  гол хөдөлгөх хүч, хувийн хэвшлийнхний түншлэл болно” гэлээ.

Улаанбаатар, Бээжин хот 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцаа, хамтын ажиллагаа нь бүхий л салбарт өргөжин тэлж байгаа юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Хятадын ААН-дээс Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 сая долларт хүрсний дийлэнх нь уул уурхай, хайгуул, ХАА-н салбарт зонхилжээ.

Харин Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын дэд дарга Жан Чин хэлэхдээ “Монгол-Хятадын хооронд хэрэгжүүлэх Нэг бүс-нэг замын хөгжлийн гол түшиц нь хоёр улсын нийслэл хотууд гээд Хотын даргын айлчлал хоёр хотын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргалаа” гэв.

Бээжин хот нь 4000 жилийн түүхтэй төдийгүй хот байгуулалт, дэд бүтэц, технологи, инноваци өндөр хөгжсөн юм. Харин Улаанбаатар харьцангуй залуу, хөгжиж буй хот бөгөөд дотоодын нийт  бүтээгдэхүүний 64.7 хувийг эзэлдэг ба нийт хүн амын 46 хувь нь ажиллаж, бүртгэлтэй ААН-ийн 67 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Харин Бээжин хотын худалдааны эргэлт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн компани, ААН-ийн тоо  20 мянга хол давжээ. Мөн хоёр, гуравдугаар зэрэглэлийн үйлдвэрлэл ч хурдацтай хөгжиж орлого нь 60 тэрбум долларт хүрдэг байна.