Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах Улаанбаатарын үдэш шоуны хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалтад Монгол улсын иргэн, ААН, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. Оролцогчид өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагааны товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулгыг ирүүлнэ. 

Мөн шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн гуравдугаар сарын зургааны 17:00 цагаас Нийслэлийн соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтын дүн ажлын тав хоногт багтан гарах юм. 

Улаанбаатарын үдэш шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
  • Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх;
  • Шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
  • Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн
  • 20:00-22:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр, 22:00-24:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
  • Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
  • Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;