Он гарсаар эхний таван сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгсөд 18.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдсэн байна.

Халдварт өвчин нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 45.7 хувь, цусан суулгаар өвчлөгчид 21.8 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 9.3 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 52.4, тэмбүүгээр өвчлөгчид есөн хувь, трихомониазаар өвчлөгчид 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн өнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 272 болжээ.

Түүнчлэн эхний таван сард улсын хэмжээнд 31.7 мянган эх амаржиж, 32 мянган хүүхэд төрсөн нь амаржсан эх болон хүүхдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Харин нялхсын эндэгдэл эхний таван сард 443 болж, өмнөх оны мөн үеэс 0.9 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 527 болж 14 хувиар, эхийн эндэгдэл долоо болж өмнөх оноос дөрвөөр буурчээ.