Дэлхийн жишигт нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ Монголд нэвтрээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн нээлтийн үеэр Ю байк нь агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих томоохон ажил гэдгийг хотын дарга асан С.Батболд, Никел Ганба тэргүүтэй албаныхан хэлж байв. 

Тухайн үед 10 зогсоолд 100 дугуй байршуулж, 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 дугуйг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх үүргийг НЗДТГ болон Никель Ганба ХХК гэрээгээр хүлээсэн байна. Мөн Ю байк төслийн хоёрдугаар шат Ю скүүтэрээр үргэлжилж, энэ оны тавдугаар сараас үйлчилгээнд нэвтэрнэ гэжээ. 

Гэвч хотын дарга солигдсоны уршгаар дугуй болон зогсоолын тоо нэгээр ч нэмэгдээгүйгээр үл барам Ю скүүтэр санхүүжилтгүйн улмаас зогсоод байна. Уг нь С.Батболд хотын дарга байхдаа мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж, Никель Ганба, Петровис, Хасбанкны хамтарсан консерциумтай гэрээ байгуулснаар Ю байк төслийг эхлүүлсэн байдаг. 

Гэтэл төслийг нийт хэчнээн тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа нь одоо ч тодорхойгүй, НЗДТГ-т Ю байк төслийн талаар мэдэх нэг ч мэргэжилтэн, газрын дарга байхгүй байгаа юм.  

Төсөл хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч 3000 хүн тогтмол хэрэглэнэ гэдэг муугүй үзүүлэлт. Мөн дугуйг эвдлэх, хулгайлах явдал ч багассан гэдгийг төсөл хэрэгжүүлэгч Никель Ганба компаний захирал Г.Дашням хэлсэн юм. 

Гэвч иргэд нь соёлжиж эхэлсэн энэ үед Ю байк төсөл 2033 он үргэлжлэх эсэх нь тодорхойгүй, төслийн гэрээ НЗДТГ-ын архивт ч байхгүй, мэргэжилтнүүд нь гэрээгээр ямар үүрэг хүлээснээ ч мэдэхгүй байна. НЗДТГ-аас “Ю байк төсөл өмнөх даргын үед хийгдэж байсан ажил. Тухайн үед төслийг хариуцаж байсан хүмүүс нь одоо ажиллахгүй байгаа” гэх ганц тайлбарыг хэлсэн юм. 

Уг нь хэчнээн ч хотын дарга солигдсон нэгэнт хэрэгжиж эхэлсэн төсөл үргэлжлэх журамтай баймаар. Гэтэл НЗДТГ-т хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө талаар мэдэх хүн нэгээхэн ч алга байна. 

Дарга солигдох бүрт хэрэгжүүлж байсан төслөө умартаад байвал хот хэрхэн хөгжих вэ?  татварын мөнгөөр цалинждаг ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА!!!