МХЕГ-аас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөвлөгөөт шалгалтыг эхлүүллээ. Тус байгууллагад хамгийн сүүлд 2014 онд шалгалт хийсэн ба энэ хугацаанд төлөвлөгөөт шалгалт хийх албан бичгийг хоёр удаа хүргүүлэхэд татгалзсан хариу өгсөн байна.

Тиймээс ЗТХЯ-ны сайдаас зөвшөөрөл авснаар ийнхүү төлөвлөгөөт шалгалтыг эхлүүлжээ. Гэвч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжигднямаагийн зүгээс санхүүгийн албанд шалгалт хийлгэхгүй гэх хариуг өгчээ. Учир нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол-Оросын хамтарсан байгууллага учраас Монголын тал дангаар шалгалт хийх боломжгүй гэжээ.

Харин мэргэжлийн хяналтын зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аливаа байгууллага Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөнө гэж заасан байдаг учир санхүүгийн албанд шалгалт хийнэ гэж мэдэгдлээ. Төлөвлөгөөт шалгалт дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт өмнө нь шалгалт хийж байхад нэг ч удаа санхүүгийн албанд шалгалт хийлгэхээс татгалзаж байсан удаагүй гэнэ.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт сүүлийн хоёр жилд 62 үйлдвэрийн осол гарч дөрвөн хүн нас барсан байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын найманд Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суугч 54 настай эмэгтэй Д дайрагдаж амь насаа алджээ.

Сонирхуулбал, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол-Оросын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан байгууллага ба байгууллагын дүрмийн дагуу ерөнхий хороо зургаан хүний бүрэлдэхүүнтэй ба гурав нь Монголын талаас, гурав нь Оросын талаас гурван жилийн хугацаатай сонгогддог байна.