Бристолын их сургуулийн судалгаанд оролцсон 17 настай хүү бага ангиасаа хойш шарсан төмс, чипс, талх, гахай мах, зайдас зэрэг түргэн хоолноос өөр зүйл идээгүй байна. Улмаар тэрээр 14 насандаа хэт ядарсан гэх шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн ба жин, өндөр нь хэвийн, тэжээлийн дутагдлын шинж тэмдэггүй байжээ. 

Харин цусан дахь B12, улаан эсийн хэмжээ бага байсан учир B12 витамин тариулж хооллолтын зөвлөгөө авсан байна. Гэтэл жилийн дараа сонсголоо алдаж, харааны бэрхшээлтэй болсон ч эмч нар шалтгааныг нь тогтоож чадаагүй аж.

Улмаар 17 нас хүрэхэд бүрэн хараагүй болсон ба эмч нар үүнийг B12 витамин, зэс, селен, D витамины дутагдал, цайрын илүүдэл, ясны сийрэгшилттэй холбоотой гэж үзжээ. Энэ нь нүдний тэжээлийн дутагдал, нүдний мэдрэлийн үйл ажиллагааны сааталд хүргэсэн байна. 

Уг өвчин нь хөгжингүй оронд ихэвчлэн ходоодны өвчлөл, эмийн зохисгүй хэрэглээнээс үүддэг ба бүхэлдээ буруу хооллолтоос үүсэх магадлал бага байдаг юм. Харин буурай оронд ядуурал, дайн, ган гачигаас үүдэлтэй хоол тэжээлийн дутагдлын улмаас нүдний мэдрэлийн үйл ажиллагаа саатдаг байна. 

Уг өвчинг эрт үед нь эмчилвэл эдгэрэх магадлалтай ч эмчилгээ хийлгэхгүй бол хараагүй болдог аж. Түргэн хоол иддэг хүмүүсээс гадна цагаан хоолтнууд хараагүй болох эрсдэлтэй учир B12 витамин хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм. 

Эх сурвалж: CNN, Fox