Онц байдал зарлах хэмжээнд хүрээд буй Улаанбаатарын утааны асуудалд НҮБ-г анхаарлаа хандуулж, тусламж үзүүлэхийг хүссэн иргэдийн цахим гарын үсэг аяныг эхлүүлээд байгаа юм.

Аян энэ сарын 12-нд эхэлсэн ч тавхан өдрийн дотор 55000 гаруй иргэдийн гарын үсэг цугларсан бөгөөд манай улс дахь НҮБ өчигдөр хариу мэдэгдэл гаргасан байна.

Иргэдийн зүгээс эхлүүлсэн уг санаачлагыг НҮБ дэмжсэн хэдий ч энэ асуудал хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй гэжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүйтэй гэсэн байна.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, гэрийн дулаалгыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, өдрийн аль ч цагт гадагш гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Ийнхүү тэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, техникийн зөвлөгөө өгөхөд бэлэн гэсэн байна.

Сонирхуулахад, яг одоогийн байдлаар 100 айл орчмын агаарын чанарын индекс 972 буюу маш их бохирдолтой хэмжээнд хүрсэн байна. Харин Ургах Наран хороолол орчимд хамгийн бага буюу агаарын чанар 137 байгаа юм.