Холимог тулааны дэлхийн номер нэг UFC холбооны UFC Fight Night-157 тэмцээн энэ сарын 31-нд Хятадын Шэньжэнд зохиогдохоор болсон юм. Уг тэмцээнд Монголын шилдэг тулаанчдын нэг Д.Батгэрэл тулаан хийх гэрээ байгуулсан ба Хятадын тамирчин Хили Алатенгтай тулалдана. 

Д.Батгэрэл нь Монголын MGL-1 холбооны 66 кг жингийн аварга бөгөөд Хятадын RUFF холбоонд тулалдаж байсан, холимог тулаанаар найман тулаан хийхэд долоо ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй юм. Ийнхүү тэрээр UFC-ийн дэвжээнд тулаан хийх Монголын анхны тамирчин болж байна.

Харин түүний өрсөлдөгч Хили Алатенг нь холимог тулаанаар 20 тулалдаж, 12 ялалт, долоон ялагдал, нэг хүчингүй тулаан хийсэн үзүүлэлттэй ба Хятадын RUFF холбоо болон Солонгосын ROAD FC-д амжилттай тулалдаж байгаа залуу тулаанч юм.

Хятадын тамирчин Хили Алатенгийн бас нэгэн сонирхолтой баримт нь тэрээр Өвөрмонгол гаралтай тулаанч бөгөөд Монгол нэрийг нь Алтанхил гэдэг. Тэрээр 2014 онд RUFF холбоонд Монголын шилдэг тулаанчдын нэг Б.Дамланпүрэвтэй тулалдаж, техникийн нокаутаар ялагдаж байсан удаатай.

Хятадад зохиогдох UFC Fight Night 157 тэмцээний оргил тулаанд өнгөрсөн тавдугаар сард UFC-ийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга болсон Бразил тулаанч Жессика Андраде Хятадын Вейли Жаны эсрэг тулалдах юм. 

Жессика Андраде энэ удаагийн тулаандаа ялбал аваргын бүсээ анхны удаа хамгаалах бол Вейли Жан ялбал UFC-ийн бүсийг эзэмшсэн анхны Хятад тулаанч болно.