Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн ба айл өрхүүдэд тараах ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, ХУД-т 1285, БЗД-т 5000, ЧД-т 3450, БГД-т 1422, СХД-т 6933, СБД-т 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөжээ. 

Угаар мэдрэгчтэй хамт зааварчилгаа, зөвлөмж тараах ба дараагийн 60 мянган ширхэг төхөөрөмж энэ долоо хоногт ирэх юм. 

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй байна. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлэх ба энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай юм.

Харин ногоон гэрэл нь 30 секунд тутамд анивчих бөгөөд энэ нь тухайн угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгааг илэрхийлнэ. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэх юм. 

Агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болбол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргах гэнэ. 

Угаарын хий мэдрэгчтэй гарын авлагын ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар зэрэг мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална.