Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх ААН, байгууллагатай хамтарч ажиллана гэж НЗДТГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, хамтарч ажиллах хүсэлтэй компани, ААН-үүд тухайн бүтээгдэхүүнийхээ танилцуулга болон холбогдох мэдээллээ Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт энэ сарын наймны 18:00 цаг хүртэл ирүүлнэ. 

Засгийн газрын зүгээс шахмал түлшинд иргэд угаартаж нас барсантай холбоотойгоор угаарын хийг мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхөд  нэг удаа үнэгүй суурилуулахаар болсон юм.

Үүний дагуу угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, хэрэглэх зөвлөмжийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Уг төхөөрөмжийн санхүүжилтийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргах ба нийт зургаан тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.