Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат танилцуулж, угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.

Засгийн газрын зүгээс шахмал түлшинд иргэд угаартаж нас барсантай холбоотойгоор угаарын хийг мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхөд  нэг удаа үнэгүй суурилуулахаар шийдвэрлэлээ. Уг төхөөрөмжийг 11-р сараас өмнө айл, өрхөд тараах ба иргэд зуухныхаа битүүмжлэлийг сайжруулахыг зөвлөлөө.

Угаар мэдрэгч төхөөрөмжийн санхүүжилтийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргах ба нийт зургаан тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Хотын дарга С.Амарсайханы хэлснээр “Нэг төхөөрөмж дунджаар 30-50 мянган төгрөгийн үнэтэй байхаар тооцоолсон. Үйлдвэрлэгч компаниас шууд үйлдвэрийн үнээр худалдан авахаар төлөвлөсөн” байна. 

Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоолоо цуцлахгүй тул иргэд цаашид шахмал түлшийг хэрэглэх юм. Гэвч шахмал түлшний угаарын хийнд зургаан иргэн хордож нас барсан учраас айл өрхөд угаар мэдрэгчийг байрлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. 

Одоогоор шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмжийг нийт өрхийн 49 хувьд нь өгөөд байна.