Энэ сарын дөрвөнөөс таванд шилжих шөнө угаарын хийнд хордсон 16 иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд хандаж,  тусламж авсан ч дөрвөн иргэн амиа алджээ.

Иймд энэ сарын тавны 21:30-нд Нийслэлийн онцгой комисс хуралдаж, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийхийг даалгасан юм. 

Үүний дагуу БГД, БЗД, СХД, ЧД, ХУД-ийн иргэд хордсон байж болзошгүй цэгээс дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторид болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгчээ.

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэ сарын зургааны 06:00 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, зургаан  иргэн хэвтэн эмчлүүлж байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Мөн тэрээр жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагийг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэргээс үүдэн золгүй байдлаар хордох тохиолдол буурахгүй байна гэсэн юм.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, нэг хувь нь шохой, нэг хувь нь бэхжүүлэгч байдаг. Барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг ба орж ирсэн цагаас эхлэн хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “энэ онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байгаа учир эдгээр иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж НМХГ-аас үзэж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гарвал нэн даруй иргэдэд мэдээлэхээ илэрхийлсэн ба иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, ОБЕГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.