Баян-Өлгий аймгаас 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан ачааны машин энэ сарын найманд Улаанбаатар руу орох гэж байх үед албаныхан илрүүлж саатуулсан байна.

Энэхүү махыг дагалдсан мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатарт Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн байжээ.

Уг асуудлаар Баян-Өлгий аймгийн МХГ-аас Зөрчлийн хэрэг нээж шалгахад дээрх 20 гаруй тонн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээгүй махыг иргэдээс хямд үнээр худалдан авч цуглуулж, хадгалж байсан нь тогтоогдсон байна.

Тэд Өлгий сумын малын эмч, болон улсын байцаагчийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд  энэхүү махыг Улаанбаатарын иргэн н.Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн нь гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр илэрчээ.

Дээрх мах нь үхсэн малын мах байж болзошгүй тул одоогоор шинжилгээнд хамруулж байгаа ба зөрчлийг хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Харин цаашид энэ нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорт шилжүүлэх гэнэ.

Сануулахад, дээрх махыг бэлтгэсэн иргэн М нь өнгөрсөн хоёрдугаар сард эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсныг тус аймгийн МХГ илрүүлж, махыг нь устгалд оруулж, торгуулийн арга хэмжээ тооцож байсан юм.