АН-ын улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, зөвлөмжийн дагуу улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна гэлээ.

АН-ын зүгээс Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах хуулийн төсөл санаачилж, гарын үсэг цуглуулна гэсэн юм. Мөн Сонгуулийн тухай хуулийн 8.5.1-ийг үндэслэн ээлжит бус чуулган зохион байгуулах хуулийн төслийг боловсруулж, удахгүй өргөн барина гэдгээ мэдэгдлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “МАН-ын дотоод бүлэглэл хоорондын хагарлыг зохицуулах ямар ч боломжгүй болсон. 60 тэрбумаас үүдэлтэй олон асуудал төрд бий. АН-ын бодлогын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль санаачлах ажилдаа АН-ын бүлэг маргааш орно” гэлээ.

Мөн МАН 65 суудал авахдаа 316 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ч өнөөдөр 11 хувь нь л биелсэн хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс УИХ-г тарааж, төрийн ажлыг гацаанаас гаргана гэлээ.

Сануулбал, УИХ-ын даргыг огцруулахаар 40 гаруй гишүүн бойкот зарласнаас үүдэн чуулган болоод бусад хуралдааны ирц 11 сарын 22 хойш бүрдээгүй байна.

МЭДЭГДЭЛ

2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа.

Төрийн бүхий л шатны албан тушаалыг “60 тэрбум”'-ын гэх сүлжээгээр арилжаалж “ЖДҮ" сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес-улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа.

Төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал, хуваагдал бодитой нүүрлэж. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу. Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудынх нь авлигал, хулгай, хүний амь, хүчин гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож. төрд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэв.

Ардчилсан Нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ