УИХ-ын даргыг огцруулах 40 гаруй гишүүний бойкотоос үүдэн 11 сарын 22-оос хойш чуулган болоод байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган оноос өмнө 27 удаа хуралдах ёстойгоос 12 удаа ирц нь бүрдсэнгүй.

Энэ хугацаанд хэдэн бие даасан хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан тодорхойгүй байгаа юм. Тиймээс энэ талаар УИХ-ын тамгын газраас тодруулахад, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.

Харин Vip76 сайтад мэдээлснээр нийт 13 бие даасан хууль болон нэмэлт өөрчлөлт баталсан байна. Гэвч УИХ-ын тамгын газар “Ингэж дараалан чуулганы ирц бүрдэхгүй байсан тохиолдол гарч байгаагүй ч энэ нь нэг их муу үзүүлэлт биш” гэх тайлбарыг өгсөн юм.

Нэг үгээр хэлбэл 16 удаа чуулган хуралдаж, 13-хан хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан нь УИХ-ын тамгын газарт хангалттай үзүүлэлт бололтой.

Гэтэл 2016 онд намрын чуулган 85 удаа хуралдаж, бие даасан 22 хууль, 190 хуулийн нэмэлт өөрчлөлт баталж байжээ. Харин 2017 онд 93 удаа хуралдаж, бие даасан 18 хууль, 95 хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан юм. Хэдийгээр энэ оны намрын чуулган хаах болоогүй ч энэ удаагийн үзүүлэлт нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд муу дүн тавих хэмжээнд байгаа юм.

Үүнээс гадна сайд даргыг томилох асуудал бүхэлдээ гацаж, ХХААХҮЯ сайдгүй, ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусав.

Үүнээс үүдэн ид ажиллаж байх ёстой ХХААХҮЯ болон хаваржилтын бэлтгэл, зудын эрсдэл, өвөлжилт хүндрэх магадлалтай сумд зэрэг нэн чухал асуудлууд мартагдаад байна.

Тодруулж хэлбэл энэ удаагийн намрын чуулган хамгийн их халаа сэлгээ, таслалттайгаар 2018 оныг муу дүнтэй үдэж байна. Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр огцрохгүй бол 40 гаруй гишүүний бойкот үргэлжилсээр 2019 оны хаврын чуулган бүхэлдээ ирц бүрдэхгүй ч байх магадлалтай байна.