Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Хуралдаан 10:00 цагт 84 хувийн ирцтэй эхэлж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг 95.2 хувийн саналаар УИХ-ын даргад дэмжлээ.

Түүнийг ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд МАН-ын удирдах зөвлөл болон, бүлгийн хуралаанаар 100 хувийн саналаар дэмжсэн юм. Энэ нь эрх баригч намын эвлэлдэн нэгдэж байгаагийн илрэл гэдгийг гишүүд онцолсон байна.

Ингэснээр Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас УИХ-ын тамга, тэмдэгийг гардан авч, өнөөдрөөс эхлэн чуулганыг удирдахаар боллоо.

Тэрээр “Хэдийгээр УИХ-ын нэр хүнд унасан, хүндхэн байдалд байгаа ч хамгийн түрүүнд сахилга, хариуцлагыг чангална. Намайг дэмжсэн бүх гишүүддээ талархлаа” гэлээ.

Ийнхүү хоёр сарын хугацаанд үймээнтэй байсан УИХ-ын үйл ажиллагаа шинэ УИХ-ын дарга сонгогдсоноор цэгцрэх шатандаа орж байна.

Г.Занданшатарын намтар

Монгол Улсын их хурлын дарга, Монгол улсын их хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1987 онд10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд Оросын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд Оросын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал:

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

Шагнал:

  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”