Гишүүд үг хэлж дууссанаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хаалттай санал хураалтаар явуулахаар боллоо. Гэвч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахимаар, О.Баасанхүү нээлттэй санал хураалт явуулах горимын санал гаргасан юм. Ийнхүү цахимаар эсвэл цаасаар санал авах асуудлаар санал хураалт явуулахад 61.5 хувийн саналаар цахимаар нууц санал хураалт явуулахаар боллоо. Санал хураалтад 65 гишүүн оролцож, 66.2 хувийн саналаар М.Энхболдыг огцрууллаа.

Л.Оюун-Эрдэнэ: Өнгө алагласан мэдээлэлтэй өнөөдрийн нийгэмд энэ асуудал янз бүрээр л харагдаж байгаа байх. Өрөөндөө нэг юм яриад чуулганы танхимд өөр юм ярьдаг хүмүүс удахгүй улс төрийн тавцангаас алга болно. МАНАН гээд л нэг их мэдэн будилаад байх юм. МАНАН гэдэг МАН, АН хамтарсан засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм бишээ. Хоёр намд байршчихаад гурван үсэгтэй хэдэн компаниас санхүүжилт авчихаад Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд, лицензүүдэд байгаа шахааны бизнесийг аваад тэр мөнгөө улс төр рүү оруулж бохирдуулж тоглож байгаа хэсэг бүлэг улстөрчдийг хэлж байгаа юм. Энэ асуудал Төв талбайг нэг банканд зарсан асуудлаас чинь эхлээд задарч байна. Наадам болохоор мартчихна, цагаан сар болчихоор мартчихна гэдэг асуудал байхгүй болсон байна ах нараа. Бусад улсад 48 цагийн дотор шийдэгдэх асуудал зунжин, хаваржин, намаржин яригдаж байна. Энэ асуудлаар өнөөдөр шийдэгдэх байх.

С.Жавхлан: УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг баталж, хэрэгжүүлж байна. Баяр хүргэе. Энэ одоо яасан ховхорч өгдөггүй сандал суудал вэ? Саяын байнгын хорооны хурлыг үзлээ л дээ. Яг зах дээр тоглуулдаг аз од гэдэг тоглоом шиг л юм боллоо. М.Энхболд буусан ч эс буусан ч Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Миний хувьд дараагийн УИХ-ын даргад маш их ач холбогдол өгч байгаа. Шударга хүн байх ёстой шүү.

Ц.Цогзолмаа: Монголын парламентийн 30 гаруй жилийн түүхэнд байгаагүй шинэ нөхцөлөөр чуулган хуралдаж байна. Парламент өөрөө ард түмний амьдралыг сайжруулах мэтгэлцээний талбар байх ёстой. Гэвч харамсалтай нь бид сүүлийн хоёр сарын хугацаанд чухал асуудлыг хэлэлцсэнгүй. М.Энхболд огцорсны маргаашаас эхлээд л ард түмний амьдрал сайжрах юм шиг ойлголт иргэдэд төрүүлж байна.

Ж.Мөнхбат: Манай нам одоо энэ хэл ам, хэрүүл тэмцлээ зогсоож ард түмэндээ өгсөн сонгуулийн амлалтаа биелүүлэх цаг болсон. 60 тэрбумын асуудлаар М.Энхболд гэх хүнийг огцруулах гэж байна. 60 тэрбумын хэрэг үнэхээр үнэн юм бол энд сууж 64 гишүүн ч хам хэрэгтэн болно. Тиймээс ялангуяа манай намын гишүүд цаашдаа яриа хөөрөөгөө бодох хэрэгтэй. Дараагийн УИХ-ын даргад МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой шүү. Эрх баригч нам шиг байж эв зүйгээ олж цаашаа явах цаг нь болсон.

Ж.Батзандан: Ганцхан М.Энхболд гэдэг хүнтэй Монголын ард түмэн тэмцээгүй. Эрдэнэтийн 49 хувийг ганцхан хүн, ганцхан нам хийж чадахгүй. Үүнийг МАНАН мафи л хийж байгаа. Сүхбаатарын талбайн тал хэсгийг урд талын цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт хувийн компанид өгчихсөн байна. Үүнийг ганцхан хүн хийх боломжгүй. Хөгжлийн банкнаас авсан 1.2 их наяд төгрөгийг хэдхэн компани хувааж авсан шүү. М.Энхболд дарга өнөөдөр санал хураалтаар унах байх. МАНАН мафийн гар хөл болсон хууль шүүхийнхнээс юу ч хүсээд нэмэргүй болсон.

Д.Сарангэрэл: Улс төрийн асуудалд эрүүл мэндийн салбар тэр дундаа хүүхдүүдийн асуудлыг холбож байгаад харамсаж байна. Сүүлийн үед сошиалаар 900 гаруй хүүхэд нас барсан гэх худал мэдээлэл гарч байна. Одоогоор H1N1 вирусээр нэг ч хүүхэд нас бараагүй байна. 20, 30 жил улс төрд сонгогдсоноороо гайхуулдаг хүмүүст хандан хэдэн үг хэлмээр байна. Ядаж ганц шахмал түлшний үйлдвэр, хүүхдийн эмнэлэг барьчихгүй дээ. Ё.Баатарбилэг гишүүн ханиад томуугаар хүүхэд нас барсан гэж худал хэлж байгаад харамсаж байна. Та энэ хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө уучлалт гуйх ёстой. Улсын хэмжээнд H1N1 вирусээр долоон хүн нас барсан. Нэг ч хүүхэд нас бараагүй.

Шинэчилсэн 11:48, Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор гишүүд үг хэлж эхэллээ.

М.Энхболд: Эрдэнээ гишүүний асуултад хариулъя. Ерөнхий прокурор 60 тэрбум бол хэрэг биш схем байсан гэж энэ танхимд орж ирээд хэлж байсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага хэд хэдэн удаа шалгасан. Одоо ч шалгаж байна. Энэ удаа шударга үнэнээр шийдвэрлэж, нэг мөр болгоосой гэж хүсэж байна. 60 тэрбумын ургийн модоо зураад томилогдсон гэх хүмүүсийг нь нээлттэй яриулахыг өмнө нь ч би хүсэж байсан.

Д.Лүндээжанцан: Албан тушаал болоод янз бүрийн юм бодохгүй. Би хийж бүтээнэ гэсэн романтик сэтгэлтэй орж ирсэн. Гэвч гацчихаад байна. Ядахдаа давхар дээлийн асуудлыг нэг мөр болгож, гишүүдийг ёс зүйтэй болгох хэд хэдэн ажлууд хиймээр байна. Тэгвэл эвээ олчих гээд байна. Бид гишүүд нь гишүүд шиг нам нь нам шиг баймаар байна. Энэ бүх хуулиудыг ТББХ-р хийж байгаа. Төрийн албаны хуулийг бид гаргасан. Сонгууль болгоны дараа бужигнадаг энэ асуудлыг эхлээд зөв зохистой болгоё. Цаашлаад шат шатны хуульд энэ маягаар өөрчлөлт оруулчихвал хаа хаанаа ажил явна.

С.Эрдэнэ: Лүндээ дарга та бултаад байлгүй шууд хариул. Нэгдүгээрт, хүссэн хүнээ хууль баталж огцруулдаг ийм байдлаар цааш явах уу.

Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудал үнэхээр үнэн юм бол та нар бүгдээрээ энэний бүтээгдэхүүн та нар бүгдээрээ огцрооч. Ганцхан хүн МАНАН 60 тэрбумаа овоолчихоод л цэвэрхэн үлдэх гээд байгаа юм уу. Төрийн эрхийг хууль бусаар авсан бүлэглэл энд сууж байгаа штээ. Дээр нь та нар ЖДҮХС-г хулгай хийсэн. Тэрийгээ хамгаалаад авч үлдсэн. Та нар яаж шударга ёс ярьж чадаж байна. М.Энхболд даргаа та 60 тэрбумаар 65 гишүүнээ гаргаж ирсэн байх. Энэ таны дэвшүүлж гаргаж ирсэн хүмүүс үү, эсвэл таниас гадуур уу? Шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж та огцрооч ээ. Та бол 60 тэрбумын бүтээгдэхүүн МАНАН-ийн гол төлөөлөгч.

Д.Лүндээжанцан: УИХ-ын тухай дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад олон удаа байр суурь илэрхийлсэн. Энэ хуулиудын нэмэлт өөрчлөлтийг ⅔ -аар шийдэгддэг байсан. Нэг нам нь олонх болоод баахан хуульд өөрчлөлт оруулдаг явдалд гал хамгаалагч хийж өгсөн. Долоо хэмжиж нэг отгол гэдэг зарчмаар явах ёстой ч өнөөдрийн нөхцөл байдал хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргаггүй байдалд хүрсэн.

Ё.Баатарбилэг: Дарга, албан тушаал ярихаараа цуглардаг шигээ хуралдаа суудаг болоосой. Намын удирдлагуудын үл ойлголцол төр рүү орж ирсэнд харамсаж байна. Цаашид ийм байдал бүү давтагдаасай. Сүүлийн хоёр сард болж буй асар олон хариуцлагагүй үйлдлүүд УИХ-ын даргыг огцруулах дүйвээн дунд дарагдаж байна. Тухайлбал, ханиад томуугийн дэгдэлд ихсэж, хүүхдүүд эндэж маш хүндрэлтэй байна. Цэрэг бурхан боллоо. Цаашид хуулиа өөрчлөөд явах уу? Сөрөг үр дагавар гарах уу? УИХ-ын даргыг огцруулж болсон юм чинь гээд хуульд өөрчлөлт оруулаад огцруулдаг асуудал гарах вий гэдэг үүднээс Д.Лүндээжанцан гишүүнээс асууж байна.

Шинэчилсэн 11:29, Т.Аюурсайхан: УИХ-аас байгуулагдах тусгай комиссоос ил болгоно. Удахгүй ил болно. Гэхдээ өнөөдрийн тогтолцооны үед арай ил болгох болоогүй. Би өнөөдрийг хүртэл цэвэр шудрагаар босгосон учраас ингэж зоригтой яваа. Энэ бүхнийг удахгүй танд ил болгоно.

Шинэчилсэн 11:27, Т.Баасанхүү: Үнэхээр ноцтой юм ярьж байна. Тусгай  төхөөрөмж тавьсан, эрүүгийн хэрэг үүсгэ гэж захиалсан, машин машин нотлох баримт устгасан гэж байна. Хэн? Хэн гэдгийг нь л хэлчих. Би тэр хүнтэй чинь ил тод өмөөрч хамгаалаад явъя.

Шинэчилсэн 11:23, Т.Аюурсайхан: Миний ар гэрт төхөөрөмж суурилуулсан асуудал ч байгаа. Гэхдээ энэ бүхэн тогтолцоог өөрчилж байж ил болно. Хуулийн байгууллага дээр байгаа хууль бус, улстөрчдийн захиалгаар хийдэг бүхнийг ил болгоно.

Чуулганы хуралдаан 11:00 цагт эхэлж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэх Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж байна. Чуулганыг дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа ба одоогоор гишүүд санал дүгнэлт хэлж байна.

Сануулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00 цаг хуралдаж, УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд найм нь М.Энхболдыг огцруулахыг дэмжсэн найм, дэмжээгүй найм, хүчингүй санал нэг тоологджээ. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг огцруулахыг дэмжихгүй гэх тогтоолыг баталсан байна.